info@batkhuleg.mn
9999-2020
Цэс
Хаах

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.
1.2. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна:

A - мотоцикл;
B - жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
C - бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин (5000 кг-аас ихгүй даацтай чиргүүлтэй);
D - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
E - “B”, “D” ангиллын автомашин 750 кг-аас дээш бүх жинтэй чиргүүлтэй, “C” ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн;
Механизм - трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.
1.3. “D” ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс, бусад ангиллын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно.
1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
“Аюултай ачаа” - тээвэрлэлтийн үед хүний амь бие эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл тарих, эд материалын хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориулалт бүхий бусад зүйл;
“Бодит жин” - тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;
“Бүх жин” - тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно;
“Гарц” - ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир;
“Гол зам” - уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг (цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) бүхий зам;
“Гүйцэж түрүүлэх” - явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл;
“Давуу эрх” - бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх;
“Ердийн хөсөг” - уналга, ачлагад ашиглаж байгаа мал, амьтан буюу түүнд хөллөсөн хэрэгсэл (хөсөг);
“Жолооч” - тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно;
“Зайлшгүй зогсолт” - жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;
“Зам” - тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;
“Зам тавьж өгөх” - замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл;
“Зам тээврийн осол” - зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал;
“Замын хөдөлгөөн” - нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа;
“Замын хөдөлгөөнд оролцогч” - замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч;
“Зорчих хэсэг” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;
“Зохицуулагч” - замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих эрх, үүрэг бүхий этгээд;
“Механикжсан тээврийн хэрэгсэл” - мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл;
“Мопед” - 50 см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл;
“Мотоцикл” - шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна;
“Суурин газар” - 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр;
“Төмөр замын гарам” - төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын бэлчир;
“Тусгаарлах зурвас” - зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн, зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй замын хэсэг;
“Тууш зам” - 5.1 тэмдгээр тэмдэглэгдсэн зам;
“Тээврийн хэрэгсэл” - хүн ба ачаа, суурилагдсан тоног, төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл;
“Тээврийн хэрэгслээр зорчигч” - тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүн;
“Түр зогсолт” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна;
“Удаан зогсолт” - зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;
“Унадаг дугуй” - унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (тахир дутуу хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгсэл;
“Уулзвар” - замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай);
“Үзэгдэлт хангалтгүй үе” - байгалийн үзэгдэл (манан, шуурга гэх мэт) болон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон үе;
“Харанхуй үе” - үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаа;
“Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх” - сургуулийн болон сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс олон хүүхдийг механикжсан тээврийн хэрэгслээр тусгайлан тээвэрлэх үйл ажиллагаа. Үүнд чиглэлийн тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхийг хамааруулахгүй;
“Цуваа” - ойрын гэрлээ асааж зохион байгуулалттай цуварч яваа гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгсэл. Цувааг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явж болно;
“Чиглэлийн тээврийн хэрэгсэл” - тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл (автобус, троллейбус, чиглэлийн такси);
“Чиргүүл” - механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл;
“Эгнээ” - автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас;
“Явган зорчигч” - замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна;
“Явган хүний гарц” - явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.16.а,б тэмдэг буюу 7.13.а,б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвас. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.16.а ба 5.16.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно;
“Явган хүний гарам” - зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй, 5.17.а,б,в,г тэмдэг тавигдсан, явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан гарц;
“Явган хүний зам” - зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс таримал зүлэг, хөвөөгөөр зааглагдсан явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг.
1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
1.6. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, байрлалыг дур мэдэн өөрчлөх, байрлуулах, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэхийг хориглоно.
1.7. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.
1.8. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

2. Жолоочийн үүрэг

2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:
а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;
б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
в/ шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг.
2.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;
б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид “Замын цагдаагийн алба” гэх)-нд тэмдэглүүлсэн байх.
2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.
Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;
б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
Тайлбар: Энэ заалт нь жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид хамаарахгүй.
в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
г/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;
д/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;
е/ зам тээврийн осол буюу техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх;
ж/ замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй буюу зам тээврийн осол гарсан бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж аль ойр байгаа цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
з/ гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт этгээдийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд тээврийн хэрэгслээрээ үйлчлэх;
Тайлбар: Дээр дурдсан ажилд тээврийн хэрэгсэл хэрэглэсэн албан тушаалтан явсан зай, хугацаа, өөрийн овог нэр, албан тушаал, үнэмлэхний дугаараа тэмдэглэж албан ёсны баримт бичиж өгнө. Үүнийг үндэслэн гарсан шууд зардлыг цагдаагийн байгууллага төлнө.
и/ цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах;
Тайлбар: Жолооч дээрх тохиолдолд шалгагчийн албаны үнэмлэхийг үзэж танилцах эрхтэй.
к/ тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг (уулзвар, гарц) дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх.
2.4. Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд энэ дүрмийн 5 дугаар бүлэг (зохицуулагчийн дохионоос бусад), 6 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл, 7-14, 16, 17 дугаар бүлэг болон 1 дүгээр хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Энэхүү эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна.
Харин шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулан, зам, байгууламжийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 8.5-8.9, 17.1 болон 1 дүгээр хавсралтын тэмдэг (2.11-2.14, 2.20, 3.2, 3.4-3.6 тэмдгүүдээс бусад), тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно. Шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй.
Тайлбар: Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байвал зохино.
2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;
г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно;
д/ шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар шалгуулах.
2.6. Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно.
2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;
в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх;
г/ гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх;
д/ тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тавих;
е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах;
ж/ зам хөндлөн буюу гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх;
з/ цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх.

3. Явган зорчигчийн үүрэг

3.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна.
Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) явна. Түүнчлэн тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн тахир дутуу хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно.
Суурин газрын гаднах замд явган зорчигч зорчих хэсгээр явах тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг явна. Харин тээврийн хэрэгсэл (мотоцикл, мопед, унадаг дугуй гэх мэт) түрсэн хүн хөдөлгөөний чигийн дагуу гэрэлтүүлэх хэрэгсэл болон гэрэл ойлгуурыг халхлахгүйгээр явна.
3.2. Жагсаалаар яваа хүмүүс зорчих хэсгээр явах тохиолдолд дөрвөөс илүүгүйгээр зэрэгцэж хөдөлгөөний чигийн дагуу баруун гар талаар явна. Жагсаалын зүүн гар талын захын урд болон ард өдрийн цагт улаан дарцаг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан гэрэл (эсвэл гэрэл ойлгуур) барьсан хүн хамгаалж явна.
3.3. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна.
Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж зөвхөн өдрийн цагаар явуулахыг зөвшөөрөх бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзаж явна.
3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
3.5. Хөдөлгөөн зохицуулж байгаа үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио (ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио) буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Хэрэв зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 5.2-т заасныг баримтална.
3.6. Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.
3.7. Замын аль ч хэсэгт тусгай дуут болон гэрэл дохио (шар гэрэл дохионоос бусад) ажиллуулсан тээврийн хэрэгслийг урьдчилан өнгөрүүлнэ.
3.8. Чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулсан талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд хүлээх бөгөөд тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлнө.
3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;
в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;
г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.

4. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг

4.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ:
а/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх;
б/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг зөвшөөрнө.
4.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ хөдөлгөөний үед тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэг дээр буюу ачааны автомашины тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж явах, тэвшин дээр зогсох;
б/ цонхоор биеэ болон бусад зүйл гаргах;
в/ хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болох;
г/ тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх;
д/ бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээх.

5. Замын хөдөлгөөн зохицуулах дохио

5.1. Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно.
5.2. Энэ дүрмийн 5.1-д заасан зогсох газрыг зөвшөөрсөн дохиогоор нэвтрэн орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Харин уулзвар дээр жолоочийн явах чигийн өмнө “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдэг бүхий гэрлэн дохио байвал түүнийг удирдлага болгоно.
Зөвшөөрсөн дохиогоор явган хүний гарц руу орсон явган зорчигч дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвасыг өнгөрсөн эсвэл тэр нь байхгүй бол зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө.
Тайлбар: Дээрх тохиолдолд явган зорчигч аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөний эсрэг урсгалын зааг дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээж болно.
5.3. Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй.

Гэрлэн дохио

5.4. Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн гэрэл бүхий босоо буюу хэвтээ байрлалтай дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай дохионы гэрэл нь улаан, шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош, хэвтээ байрлалтай дохионы гэрэл нь мөн дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш байрлана.
Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад явган хүний дүрс бүхий дээд талдаа улаан, доод талдаа ногоон өнгийн гэрэлтэй дохио хэрэглэнэ.
5.5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио нь ногоон сум бүхий нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно.
5.6. Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна:
а/ ногоон гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь түүний зөвшөөрсөн утгыг өөрчлөхгүй бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна;
б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно;
в/ анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна;
г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.
5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна.
Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна.
 

Зохицуулагчийн дохио
5.8. Зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө.
5.9. Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна:
а/ дохиурыг өргөсөн байвал энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно;
б/ дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэх, явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд зохицуулагчийн ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно;
в/ дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас (баруун гар буюу ар талаас) яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.
5.10. Зохицуулагч нь жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чигийг өөрчлөх, байр эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, тойрон гарах, зогсох зэрэг үйлдэл хийхийг заасан ойлгогдохуйц дохио өгч болно.
5.11. Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй.
5.12. Зохицуулагчийн шүглийн дохио буюу бүсний анивчсан шар гэрэл нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой.
5.13. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл түүнчлэн энэ дүрмийн бусад заалтуудаас давуу байна.

6. Дуут болон ослын дохио, 
ослын зогсолтын тэмдэг хэрэглэх

6.1. Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно:
а/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд;
б/ суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор.
Дуут дохио нь давуу эрх олгохгүй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй.
6.2. Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед;
б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед;
в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;
г/ жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед;
д/ чирэгдэж яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед;
е/ тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд.
6.3. Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.
Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед;
б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд;
в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед;
г/ чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) бол.
Тайлбар: Энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна.

7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх

7.1. Жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх (байр эзлэх, эргэх, зогсох)-ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө.
7.2. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө.
7.3. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Харин анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгаж болно.
7.4. Тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг (3х4) -3 хувь, (4х6)-1хувь
  • Цусны бүлгээ мэдэж байх
  • Төлбөрийн тал ба талаас дээш хувийг төлсөн байх.